ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

CELESTIAL MAIDENS - by PUREVSUREN Javkhlant  
07 - 30 November 2025

​B Contemporary Art Gallery

МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Жавхлантын Пүрэвсүрэнгийн “ОГТОРГУЙН ОХИД” бие даасан үзэсгэлэн 2025 оны 11-р сарын 7-ны орой Бий Контемпорари арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
“Огторгуйн охид” бол эгч дүүсийн бие биесээ гэсэн энэрэл, байгаль дэлхийтэйгээ сүлэлдэн орших хүний зөн совин, дотоод ертөнцийн тухай бясалгал юм. Энэ цувралд уран бүтээлчийн газар, ус, салхи, тэнгэр, үүлний хөдөлгөөнөөс урган гарсан сэтгэлийн хэлбэрийг, эртний Монгол эхнэрийн үндэсний хувцас, үсийг дотоод бясалгалаас төрөн гарсан хээтэй уялдуулан барималдаа шингээхийг зорьсон.
Үзэсгэлэнгийн куратор: Э.Тэмүгэ
Үзэсгэлэнгийн нээлтийн перформанс: Г.Энхжаргал
Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.
ҮЗЭСГЭЛЭН 2025.11.7-оос 2025.11.30-ыг дуустал толилуулагдана.
ЦАГИЙН ХУВААРЬ: Мягмар-Ням 10:00-19:00 /Даваа гаригт амрана/
БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэд,
ХОЛБОО БАРИХ ДУГААР: +(976)-9899-9989

​Огторгуйн Охид
Урлаг бол олон мянган жилийн турш хүн төрөлхтний амьдралд утга учир, үнэ цэнэ, үл давтагдах торгон мэдрэмжүүдийг өгөөд зогсохгүй оюун бодол, сэтгэл зүрхийг нууцлаг агаад асар их хүч бүхий нүдэнд үл үзэгдэх хязгааргүй эрчимээр цэнэглэсээр ирсэн. Эхийн ариун хэвлийгээс хүний биеийг олж, орчлон ертөнцөд мэндэлсээр эцсийн амьсгал хураах мөч хүртэлх амьдралын бүхий л хором мөч бүрийг бүрэн дүүрэн ойлгож, мэдэх боломжгүй ч мэдрэмж бүрээ гүн гүнзгий хадгалж үлдэж болдог. Үүний хамгийн том баталгаа нь урлаг болоод урлагийн бүтээл юм. Үгээр илэрхийлж боломгүй мэдрэмжийг дүр дүрслэл, зураас, хэлбэр донж, өнгө зохиомж, илэрхийлэл зэргээг дүрслэн гаргаж болдог нь үзэгч бүрт хувь хүний дотоод ертөнцтэйгээ мөн нуугдсан болон шинэ мэдрэмжүүдтэйгээ танилцах боломжыг бий болгож байдаг дүрслэх урлагийн нэгэн чухал төрөл бол уран баримал билээ. Уран барималч Ж.Пүрэвсүрэн нь “Огторгуйн Охид” үзэсгэлэнгийн бүтээлүүддээ байгаль, эх дэлхий, орчлон ертөнцийн хүн төрөлхтөн бидэнд хэнийг нь ч үл ялган, эн тэнцүүхнээр, амьсгалах хором мөч бүрт өгч байдаг, зогсолтгүй үргэлжлэх цаг хугацааны хэлхээн дунд үл ялиг анзаарагдах мэдрэмжүүдийг гүн шингээсэн нь эл үзэсгэлэнгийн амьсгал нь болжээ. “Огторгуйн Охид”-ыг зөвхөн ганц мэлмийдэх бус зүрх сэтгэл дотор чимээлэхийг нь ажаарай. Жинхэнэ гоо үзэсгэлэн болоод ер бусын нандин мэдрэмж нь бодолд хашгирах бус харин зүрхэнд шивнэдэг.
Урлагийн бүтээл нь уран бүтээлчийн асар хувийн шинж бүхий мөн чанар шингэж, бүрэлдэн бий болдог бөгөөд аливаа уран бүтээлч хэдий чинээ зөвхөн өөрийн гэсэн үзэл санаа, утга агуулга, харах, хүртэх өнцөг болон сэтгэлгээний онцлог, мэдрэмжийг шингээнэ төдий чинээ бүтээл бүр нь өөрийн гэсэн дахин давтагдашгүй ондоошлыг гүн гүнзгий агуулж үзэгч олны сэтгэл зүрхэнд оч мэт гялалзан хүрч бас мэдрэгддэгийн баталгаа нь олон мянган уран бүтээлчдийн зуун зуун дамжсаар ирсэн агуу бүтээлүүд юм. Ж.Пүрэвсүрэн уран бүтээлчийн хувьд өөрийн дотоод ертөнц, байгаль эх дэлхийгээ хайрлах чин сэтгэл, зөвхөн өөртэйгээ байх ахуйд дотооддоо намуухан ярилцдаг хором мөчүүд, яг одоо цагт оршин буйгаас хүртдэг мэдрэмжүүдээ байгаль, эх дэлхий, орчлон ертөнц, од мичидийн гоо сайхныг бүсгүй хүний чамин тансаг дүр төрх, ялдам эхэмсэг байдал, хэмнэл хөдөлгөөнтэй уусган нэгтгэж “Огторгуйн Охид”-доо шингээжээ.
Уг үзэсгэлэнд нийт 13 ширхэг суурь уран баримал, 15 ширхэг рельеф дэлгэгдсэн бөгөөд бүсгүй хүний гадаад болон дотоод гоо сайхан, ялдам зөөлөн хэдий ч хүчирхэг байдал, нууцлаг дүр төрхийг илэрхийлэх баримлууд нь тодорхой зүс царай үгүй ч өөр хоорондоо үл давтагдах зан чанар, донж төрх, дотоод дуу хоолойг гарган урласан нь уран бүтээлчийн авъяас билиг, ур чадвар болоод түүний мэдрэмжийг тодхон илтгэнэ. Баримлууд дээр голчлох номин ногоон, түүнтэй уусан холилдох огторгуйн өнгө, гадаргуу дээрхи алтлаг хээ угалз нь хурууны хээ, усны урсгал, гариг эрхэсийн тойргийг санагдуулам дүрслэгдсэн ба цаг хугацаа, бие махбод, ухамсрын хил хязгаарыг давж, эртний домог ба орчин үеийн дуу хоолойг нэгэн зэрэг илэрхийлэх мэт мэдрэмжийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Бүтээлийн дүрүүд нь хүн төрөлхтөн, нийгмийн бодит дүр төрхийн шууд дүрслэл бус, харин эмэгтэйлэг оршихуйн бэлгэдэл бөгөөд урсамтгай, бүтээлч, огторгуйн мөн чанарыг илтгэнэ. Тэдгээрийн дээш хуйлрах хөдөлгөөн, эргэлт бүхий хэлбэрүүд нь тэнгэр эрхэсийн үл зогсох мөнхийн хөдөлгөөн, амьдралын дотоод хэмнэлийг санагдуулах ба алтлаг хээ угалз нь үл үзэгдэх эрчмийг илэрхийлж, хүн ба
сансар огторгуй нэгэн ижил хэмнэл, нэгэн ижил эх сурвалжаас бүтсэн болохыг илэрхийлнэ. Байгалийн металуудын нэгдэл болох хүрэл цутгуурын аргаар сансар огторгуйн орчин үеийн хэл болгон хувиргаж бүтээлүүддээ шингээжээ. “Огторгуйн Охид” бол уран бүтээлчийн хувьд хувь хүний өөрчлөлт, эмэгтэйлэг хүч, мөн оршихуйн мөнхийн бүжгийг тунгаан илэрхийлсэн таван жилийн бясалгал ба бид ч гэсэн оддын адил гэрлээс бүтсэн гэдгийг сануулах амьд илэрхийлэл юм. Түүний амьдралд аялал нэн чухал байр суурь эзэлдэг бөгөөд өөр өөр орон байршилд аялахдаа байгалийн чимээ, өнгө төрх, хэлэмж зэргээс төрсөн сэтгэгдэл болон мэдрэмжүүдээ ийнхүү бүтээл бүртээ шингээсэн нь бид байгалиас ангид бус, угтаа нэгэн оршихуй гэсэн санааг далдхан агуулж буй.
“Огторгуйн Охид” үзэсгэлэнгийн бүтээлүүд сүүлийн 5 жилийн турш хийгдсэн ба эх загварыг хиймэл материалаар цутгасны ар дээр хүрлээр цутгаж, чүнчигноров, ногоон хаш, утаат болор, замагт мана, хас зэрэг хагас үнэт эрднийн чулуун сууринд суурилуулсан нь эл үзэсгэлэнгийн гол агуулгыг тодотгохоос гадна шийдлийн хувьд тун шинэлэг болсон. Харин огторгуйн охидын дүр дүрслэл бүхий рельефүүдийг мөн л хүрлээр цутгаж, хурганы арьс, эсгий зэрэг Монголчууд бидний өнө эртнээс ахуй амьдрал, өдөр тутамдаа өргөн хэрэглэж заншсан байгалийн материалтай хослуулан, хатуу зөөлнийг тэнцэтгэн зохиомжилсон нь нүүдэлчин Монголчуудын байгалиа хайрлан хамгаалах, зөв зохистой хэрэглэх, хүн ба байгалийн харилцааг нандигнан хүндлэх нь олон зууны турш бид бүгдийн өв уламжлал байсаар ирсэн төдийгүй үеийн үед эрхэмлэн, уламжлах ёсон гэдгийг сануулах мэт. Баримлын гадаргуу дээрхи угалзарсан, чамин хээ нь сайтар ажвал тасралтгүй үргэлжлэх бөгөөд үл давтагдам, зогсолтгүй эргэх цаг хугацааг илтгэх ба хүмүүний амьдралын өнгөрсөн,одоо ба ирээдүй цагийг билэгдэн дүрслэжээ. Эдгээр бүтээлүүд хэдийгээр сүүлийн таван жилд хийгдсэн ч анхны санаа, дүр дүрслэл, эрэл хайгуул нь бараг хориод жилийн тэртээгээс уран бүтээлчийн дотор оршсоор, агуулга, арга ажиллагаа, зохиомж болон хийцийн хувьд улам гүнзгий боловсрон ирснийг Ж.Пүрэвсүрэн уран бүтээлчийн урьд урьдны бүтээлүүд, эскиз, санаануудаас харж болно. Тэрээр 2003 онд анх загвар зохион бүтээгч мэргэжлээр сурч төгссөн хэдий ч өдгөө 20 гаруй жил уран барималын төрлөөр тасралтгүй уран бүтээл туурвиж, дотооддоо болон олон улсад чамгүй олон үзэсгэлэнд уран бүтээлүүдээрээ амжилттай оролцож, дөрөв дэхь бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж буй урлагийн их далайд өөрийн гэсэн томоохон хөлөг онгоцоо залуурдан, аялаж яваа өвөрмөц нэгэн уран бүтээлч.
Уран барималч Ж.Пүрэвсүрэн нь “Огторгуйн Охид” үзэсгэлэнгийн бүтээлүүддээ байгаль, эх дэлхий, орчлон ертөнцийн хүн төрөлхтөн бидэнд хэнийг нь ч үл ялган, эн тэнцүүхнээр, амьсгалах хором мөч бүрт өгч байдаг, зогсолтгүй үргэлжлэх цаг хугацааны хэлхээн дунд үл ялиг анзаарагдах мэдрэмжүүдийг гүн шингээсэн нь эл үзэсгэлэнгийн амьсгал нь болжээ. “Огторгуйн Охид”-ыг зөвхөн ганц мэлмийдэх бус зүрх сэтгэл дотор чимээлэхийг нь ажаарай. Жинхэнэ гоо үзэсгэлэн болоод ер бусын нандин мэдрэмж нь бодолд хашгирах бус харин зүрхэнд шивнэдэг.
Куратор: Э.Тэмүгэ

Address:                           B studio of the Union of Mongolia's Artist's, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлан          
Opening Hours:              Monday to Sunday, 11:00am to 6pm, Өдөр бүр 11:00 - 18:00
Admission:                       Free                                      
​
​For press information and images please contact:
Email: [email protected] ​
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS