ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

PRECEPT - by BADAM Dashdondog 
14 - 20 October 2025
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA

Монголын уран зургийн галерейд уран бүтээлч Дашдондогийн Бадамын "СЭЦЛЭЛ" бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Монголын орчин үеийн урлагийн чухал нэгэн төлөөлөгч уран бүтээлч Дашдондогийн Бадам нь дүрслэлийн олон хэлээр тасралтгүй эргэлдэх байгаль дэлхий, цаг хугацааны тухай, түүн дунд орших хүний амьдралын хэмнэлийн тухай, аж амьдралын тухай хүүрнэх бүтээлүүдээрээ танигдсан. Б.Чинтогтох, С.Дондог нарын дүрслэх урлагийн мастеруудын удирдлага дор суралцаж, 1981 онд Монгол зургийн зураач мэргэжил эзэмшсэн түүний олон жилийн судалгаа, эрэл хайгуул нь Монголын дүрслэх урлагт Монгол зургийн нэгэн өнгө төрхийг авчирчээ.
Тэрээр 2025 оны 10-р сарын 14-ний өдрөөс 20-ны өдрүүдэд Монголын Уран Зургийн Галерейд “Сэцлэл” бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд толилуулж байна. Сэцлэл хэмээх утгыг нь шууд танихааргүй энэ үгийг Монгол хэлний их тайлбар толинд “Сэцлэх” буюу “Цэцлэх” гэсэн үйл үгтэй хөрш байдлаар тэмдэглэжээ. Харин Ертөнцийн гурав дээр сэцлэл буюу эл үгийг сургаал хэмээн бичсэн байна. Үүнээс харахад Сэцэн, Мэргэн Сургаал буюу... Энэхүү үзэсгэлэн нь Д.Бадамын уран бүтээлийн туршлага, туршилт, үнэнийг хайх эрэл, ажиглалт, чин сэтгэлийн урсгалыг нэгэн дор багтаасан онцгой орон зай юм.
Эл үзэсгэлэнд багтсан бүтээлүүд нь оршихуйн хуйлраан дунд өнөө маргаашийн хооронд эргэлдэх хүний амьдралын бодит ахуйг инээд хөөр, баяр гунигтай нь өгүүлнэ. Түүний бүтээлүүд зөвхөн зургаар хязгаарлагдахгүй бөгөөд үйлдлийн урлаг, өрөг урлаг, орон зайн зохиомж зэрэг орчин үеийн урлагийн төрлүүдээр дүрслэлийн өгүүлэмжийн орон зайг үүсгэж, үзэгчийг бодит ба хий оршихуйн завсар дахь амьдралын урсгал, түүн доторх гоо сайхан, урам зориг, сэтгэл хөдлөл, ухаарал, гүн ойлголтын аялалд урин таныг дуудна.
Үзэсгэлэнгээс онцлох бүтээлүүдийн нэг “Лусын аялал” нь хүн ба байгаль хоёрын харилцааны эмзэг тэнцвэрийг илэрхийлсэн перформанс ба өрөг урлагийн нэгдэл юм. Энэхүү бүтээл нь ертөнцийн алив бүхний учир холбогдол, түүнээс дотоод үнэнээ эрж хайх сэтгэлийн аяллыг илэрхийлнэ. Д.Бадам нь лусын билэгдэл болсон могойн зөөлөн баримлуудыг өөрийнхөө биед, сэтгэлд холбон тогтоож, тэдэнтэй хамт уул толгод, ус гол, далай тэнгис, говь талаар аялахдаа өөрөө лусын нэгэн бие болж, лусыг өөрийн нэгэн бие болгон хамтдаа явна. Тухайн мөчид орших мэдрэмжээр дамжуулан өөрийн “үнэн”-д хүрэх аялалд гарах хүслийг өдөөх нь энэхүү бүтээлийн үзэгчдэд өгөх чухал нэгэн мэдрэмж болой.
Бадам нь тойрог хөдөлгөөнт монгол зургийн дүрслэл бүхий, ахуйн үнэн мөчүүдээр амьсгалах бүтээлүүдээрээ алдартай. Тэрээр бүтээлүүдийнхээ суурь өнгө тавилт, бичилтийг Европ уран зургийн арга техникийг ашиглан эхлүүлж, гүйцэтгэлээ Монгол зургийн арга барилаар дүүргэдэг нь түүний арга ажилбарын онцлог болохоос гадна, бүтээлийг нь Өрнийн ч, Дорнын ч амьсгалтай болгодог. Түүний зургийн хавтгай дахь амьдрал үргэлжид буцлаж, халгиж байх ажээ. Хүн төдийгүй морь мал нь ч тэр л хавтгайдаа амьдарч, өөр өөрийн замыг туулахдаа хамтдаа нэгэн бүхэл оршихуй болдог нь түүний уран зургийн философийн төв цэг юм.
1988 онд түүний зураачаар ажиллаж байсан үйлдвэр хаагдсанаар чөлөөт уран бүтээлчийн замналаа эхлүүлсэн нь зураачийн хувьд бүтээлч эрх чөлөөний шинэ эргэлт болсон юм. Бадамын анхны бие даасан үзэсгэлэн 1991 онд Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музейд гарсан нь гадаадын урлагийн мэргэжилтний нүдэнд өртөж, Европт Монгол зургийн бүтээлээ таниулах үүдийг нээсэн байдаг.
Түүнээс хойш Бадамын бүтээлүүд Франц, Япон, АНУ, Герман, Недерланд, Итали, Хятад, Солонгос, Энэтхэг, Орос зэрэг олон улсын музей, галерейд дэлгэгдэж, Монголын орчин үеийн урлагийг дэлхийн урлагийн орчинд таниулахад чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Дэлхийн олон музей, хувийн цуглуулгад түүний бүтээлүүд хадгалагдаж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газар ОУ-ын олон орны хаад хатад, төрийн тэргүүн, дипломатч нарт түүний бүтээлүүдээс нэлээдгүйг Монгол түмний өмнөөс бэлэг болгон илгээдэг нь ямархуу чансаатай уран бүтээлч болохыг илтгэнэ.
Уран бүтээлч Д.Бадамын “Сэцлэл” үзэсгэлэн нь түүний үзэгдэх ертөнцийн үнэн төрхийн илэрхийлэл бөгөөд уламжлал ба орчин үе, бодит ба хийсвэр орон зай, материаллаг ба сүнсний оршихуйг нэгэн бүхэл уран бүтээлийн тогтолцоо болгон үзүүлж байна. Энэхүү үзэсгэлэнг үзэгч сонирхон үзэхдээ зөвхөн уран бүтээлийн гоо сайхныг биш, харин амьд оршихуй, цаг хугацааны үнэ цэнийг уран бүтээлчийн мэдрэмжээр шингээж ойлгох, дотоод эргэцүүлэл, өөрийн “үнэн”-д хүрэх сэтгэлийн аялалд хөтлөгдөнө.
Үзэсгэлэнгийн куратор: Э.Энхзаяа

 Address:                The National Art Gallery of Mongolia is located east side of the main square or parliament building. 
​​Opening Hours:    Monday to Sunday, 11am to 5pm 
Admission:             4000 MNT adult / 2000 MNT students and children 

For press information and images please contact:
Email: [email protected]
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS