PUREV Dolgorjav - TO HAVE / TO BE
22 - 29 Jul, 2015
The Union of Mongolian Artist's Gallery
“НОХОЙ ХОРИХ” УРЛАГ БУЮУ “ТАВАН ХОРОМ”
Кураторын хувьд би уран бүтээлчтэй биечлэн танилцахаас өмнө бүтээлүүдтэй нь эхэлж танилцах нь олонтаа. Анх уран бүтээлч Д.Пүрэвийн тухай түүний “Дүрслэл” (2013 оны 1-р сарын 23-29, МУЭ Арт Галерей) үзэсгэлэнг үзсэнээр мэдсэн билээ. “Дүрслэл” үзэсгэлэнгийн бүтээлүүд нь хүйтэн хар, цагаан өнгүүдийг ашиглан, нууцлаг мэдрэмжийг төрүүлсэн сонирхолтой ажлууд байсан. Ямар нэг тодорхой үечлэл, эсвэл “-изм”, хэв загварт хамааруулах боломжгүй мэт түүний бүтээлүүд нь Пүрэвийн хувь хүний мөн чанар буюу “эго”-той шууд холбоотой. Сүүлийн 40 гаруй жилийн туршид зурж, бүтээж, сэтгэж ирсэн түүнд охинтой нь чацуу настай уран бүтээлч, куратор бүсгүй хэрэгтэй юу л хэлэх билээ? Гэхдээ олон олон уран бүтээлчдийн намтарыг судалж байхад, амьдралын туршлага, хэт нарийн мэдрэмж, нийгмийг эмзэглэн харах болон хэрэгтэй үед, шаардлагатай хүндээ “нээлттэй” байх чадварууд нь уран бүтээлчийн өөрийн явж байгаа чиглэлийг зоригтойгоор өөрчлөхөд нөлөөлдөг гэдгийг харж болно. Уран бүтээлч нь энэ өөрчлөлтөөс гарах эерэг, сөрөг үр дүнг аль алийг нь хүлээн авч, хэрхэн боловсруулж, хэрхэн цаашдын алхамдаа хэрэглэхээс шалтгаалан бүтээлийн концепц сайжрах, үгүй нь шийдэгддэг гэж хэлэхэд болох юм.
Түүний шинэ үзэсгэлэнгийн бүтээлүүд нь уран бүтээлийнх концепцэд гарсан өөрчлөлтийг харуулах бөгөөд контемпорэри урлагийн шинж чанарыг илүү хадгалах болсоныг та бүхэн анзаарах болно. Тэрээр шинэ бүтээлүүдийнхээ талаар хэлэхдээ:
“...өнөөдөр хэт эрх чөлөө, асар их мэдээлэлийн хязгааргүй орон зайд хувь хүн дотор болон гадаад талдаа үнэ цэнтэй зүйлээ ялгахгүй, үнэ цэнэтэй зүйлгүй мэт болчихож .Энэ нь хувь хүн, нөгөө талдаа улс орон нь ...мэдээллийн хувьд ч мөн адилхан ямар ч ялгалт хийх чадамжгүй болчихсон санааг ...Бид чинь одоо дотогшоогоо бодохоос илүү дандааа гадагшаагаа хашгираад байна...Бид бий бий л гээд байхаас байсан шиг байж чадаж байна уу гээд байгааг хэлэх гээд байна л даа”
Түүний хэлсэнчлэн, бид “хуцахдаа” их сайн болжээ. Бүр “нохой хорио оо!᠌” гэж хэлэхээ ч мартаж. Хүн бүр өөрийн хүссэнээ хийж, хүссэнээ хэлж, бусдын тухай бодох, бусдыг хүндэтгэх нь ховор болжээ. Бид нар нүүдэлчин уламжлалтай гэж цээжээ дэлдэх боловч, нүүдэлчин Монголчууд бие биендээ яаж ханддаг байсан тухай, нүүдлийн амьдрал ямар нарийн тогтолцоотой байсныг сайтар ойлгойхгүй байх шиг. Энэ эмх цэгцгүй явагдаж буй урвалууд нь бүгд сөрөг чанартай бас биш, хэдийгээр бүх л зүйл үнэ цэнэгүй болсон мэт санагдаж байгаа боловч, зарим хэсэг нь “өөрөө цэгцлэгдэх хөдөлгөөн”-ийг давхар үүсгэж байгаа гэж уран бүтээлч надад хэллээ.
Нийгэмд болж байгаа үзэгдлүүдийг эмзэгээр хүлээн авах нь уран бүтээлчийн үүрэг биш гэж үү? Эсвэл юм бүхэнд хошуугаа дүрсэн “ хэт нийгмийн идэвхтэн”-үүд л “нийгмийг цэгцлэх” зорилгоор гэж олон юм ярих эрхтэй гэж үү?
Дээр дурдсан, нийгмийн эмх цэгцгүй урвалууд дунд хүртэл “хүлээлт” оршдог нь гайхалтай. Уран бүтээлч нийгмийн үзэгдэл бүрд чухал хандах албагүй боловч, тухайн үзэгдлийг дотроо хадгалж, боловсруулж, тэгээд бүтээлээрээ дамжуулан хэсэг хугацааны дараа бүтээлчээр гаргах нь урлаг гэдэг ойлголт бий болохоос эхлээд бүрэлдсэн аргачлал юм. Түүний “Хээр тал”, “Жингийн цуваа”, “Саваагүй нохой”, “Нохой хорио оо!” бүтээлүүд нь хөндлөн зохиомжтой ба Пүрэвийн олны танил хүйтэн хар өнгө зонхилох хэдий ч, зохиомжийн хувьд шинэлэг болоод зогсохгүй, холимог техникийн аргачлалуудыг ашигласан нь бүтээлүүдийг “орчин үеийн” аястай болгожээ. Эдгээр бүтээлүүдийг бүтээх явцад тэрээр Германы алдарт сэтгэл судлаач, гүн ухаанч Эрих Фроммын (1900-1980) “Хайрлах урлаг” (“The Art of Loving”, 1956) болон “Бий эсвэл Байх” (“To Have or To be”, 1976) номуудыг уншсан байна. Тус номнуудыг уншсанаар тэрээр өөрийн мэдэрдэг байсан мэдрэмжүүдээ баталгаажуулснаас гадна шинэ мэдлэгийг олж авсан нь түүний концепц цаашид хөгжихөд нөлөөлсөн юм. Энэ тухай тэрээр дүгнэн хэлэхдээ:
"Хайрыг харамлах хэрэггүй. Эцсийн мөчид бид зөвхөн хайрыг хүсдэг. Бусад зүйл ямар ч утга учиргүй болж хувирдаг болохыг би олонтаа харж байлаа."
Тэгэхээр чин сэтгэлээсээ юманд хандах, нөхөр, эхнэр, хамаатан садан, найз нөхдөөсөө бусад хүмүүсийг хайрлах нь хүмүүнлэг нийгмийн үндэс гэдэг нь маргаангүй юм. Ямар ч нийгмийн үед ч зөвхөн эдийн засгийн хөгжил эсвэл хэдэн байшин, машинтай гэдгээрээ хүмүүний аз жаргал хэмжигдэж болохгүй гэдгийг нөгөө цөөнх буюу уран бүтээлчид, зохиолчид, сэтгэгчид, хөгжимчид, яруу найрагчид ойлгодог байжээ. Харин капитализмын эхэн үеийг туулан өнгөрч байгаа Монголын хувьд, “бусдыг хайрлах” тухай ярих нь улиг болсон онигооноос хэрэггүй зүйл мэт сонсогдох нь харамсалтай юм.
Үүний хажуугаар уран бүтээлч Пүрэв нь мөн Английн домогт уран бүтээлч Фрэнсис Бэйкон (1909-1992) бүтээлүүдийг шимтэн судалж эхэлсэн явдал нь түүний “Таван хором” бүтээлийг хийхэд нөлөөлсөн байна. Бэйконий хөргүүд нь тухайн хүний мөн чанар, сэтгэл зүйг гаргахаас гадна уран бүтээлч, хөргийн эзэн хоёрын хоорондын харилцааг бас харуулж байдгаараа онцлог юм. Пүрэвийн хэлсэнээр, “Хүний сэтгэл зүй гэдэг нь гялгар уутанд хийсэн ус шиг” бөгөөд тогтворгүй, хөдөлгөөнтэй, зөрчилтэй шинж чанар байнгын хадгалагдаж байдаг ажээ. Заримдаа бидний бусадтай харилцах хугацаа таван хором байсан ч гэсэн маш их зүйлийг ойлгох боломж нээж өгч байдаг билээ.
Танд энэ уран бүтээлчийн ертөнцийг таньж мэдэхэд хэрэгтэй “таван хором” байна уу?
Долгоржавын Пүрэвийн “БИЙ эсвэл БАЙХ” бие даасан үзэсгэлэнд зориулж бичив.
Др.Ц.Цэндпүрэв
Уран бүтээлч & Куратор
2015.07.20