MONGOL LIFE - by LKHAGVADORJ Mijid
25 February - 07 March 2022
Norphei Art Gallery
25 February - 07 March 2022
Norphei Art Gallery
Монголоороо амьсгалахтай адил бүтээлүүд
Уран зургийн үзэсгэлэн үзэж байхдаа сүүлийн үеийн монгол кинонуудын тухай бодов. Киноноос үгүйлдэг, хайдаг монгол эрийн дүрийг зураачийн оюун бодол, бийрийн үзүүрээс олоод олзуурхсан хэрэг. “Norphei art gallery”-д нээгдээд буй Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, өдгөө нас сүүдэр 80 хүрч яваа М.Лхагвадоржийн “Монгол амьдрал” үзэсгэлэнд буй “Алсын бараа” хэмээх бүтээлийг тогтож харахад зурагт буй тэр хүн өдгөө Монголын хаа ч яг ингээд сууж байдаг хөдөөгийн хөх эрчүүдийн нэг аргагүй мөн гэлтэй. Элбэгдүү саарал даавуун дээлтэй, цайвар өнгийн бүрх малгайтай тэр хүн өндөрлөг газарт баруун өвдгөө нугалан суугаад, түүн дээрээ нударга зөрүүлэн тавьж, гаансаа тухтай гэгч нь атгаад, толгойгоо баруунаа хагас эргүүлж алсыг ширтэн сууна. Адуугаа хайж юм болов уу. Гэхдээ монгол хүн зөвхөн алдуул малаа хайх болохоороо алсын бараа ширтэж ийн суудаггүй юм гэнэ лээ. Амьдралын тухай, үр хүүхдийнхээ ирээдүйн талаар, магадгүй улс орны амьдрал, дэлхийн байдлын тухайд ч эргэцүүлэн, өөрийн дүгнэлтээ бясалгаж байдаг юм гэдэг. Орчин үеийнхээр бол, хотожсон иргэдийн хэв маягаар бол тохьтойхон кофе лоунжид компьютероо дэлгэн ажил “буцалгаж” суугаа нэгэнтэй зүйрлүүлмээр ч юм шиг. М.Лхагвадорж гуайн зураг бүр энэ мэтчилэн ихийг өгүүлнэ.
“Талын салхи” хэмээх бүтээл байна. Дээл, нимгэн хүрэм, малгайтай, хөтөлгөө морьтой эр тэртээд байх шовх оройтой намхавтар уулын толгойг чиглэн шогшуулж явна. Намрын сард, нар баруунаа нэлээд хэвийсэн цаг дор дөрөөн дээрээ бага зэрэг өндийн суугаагаас үзвэл яг л шогшуулж яваа бөгөөд алсхан газраас гэрээ зорин яваа бололтой. Газар орны болоод морьдын сүүлний байдлыг харахнээ салхитай даг аа. Тал нутагт морин дэл дээр эрх зоргоор, дуу аялсан шигээ хатируулж явахын жаргалыг мэдэх хүн л талын салхины тухай ийнхүү өгүүлэх болов уу. Амьдралын найман арваныг үдсэн буурал зураач үүн лугаа адил чухамхүү монгол хүнд л танил, дотно мэдрэмжүүдийг зургуудаараа дамжуулан илэрхийлжээ.
Жилийн дөрвөн улирлын байдал, таван хошуу мал, малчдын ахуй, аж байдлын сэдэвт бүтээлүүдийг нь дахин дахин харах тусам он цаг, өөрөөр хэлбэл өнгөрсөн, одоо ирээдүйн тухай бодолхийлэхээр. Өнөөгийн залуус магадгүй “Өө, хө, ёстой жинхнээсээ урлаг дахь социалист реализм гээч чинь энэ байх даа” гэж хэлэхийг үгүйсгэхгүй. Гэтэл үгүй юм аа. Социализмтай, үгүй нүүдэлчин удамт монголчууд бидний унаган, язгуур чанар, төрх энэ зураачийн туурвисан бүтээлүүдэд илүү ч үгүй, дутуу ч үгүй тусгалаа олжээ. Монголчуудын оршихуйн үндэс, ялгарал үүнээс өөрөөр байх аргагүй буюу.
Үе үеийн уран бүтээлчдийн дүрслэн урлах арга барил, хэллэг, өгүүлэмж нь тухайн үеийн урсгал, чиглэл, туурвигчийн сэтгэлгээний онцлогоос хамаараад янз янз байх ч уран бүтээлч хаанахын хэн бэ гэдэгт бүтээлүүдийн, улмаар үзэсгэлэнгийн аминс сүнс оршдог гэлтэй.
Ийм нэгэн, харахад эгэл монгол амьдралын тухай хүүрнэл гэхээр үзмэрүүдтэй атал цаагуураа монгол үндэстний заяа төөргийн талаар олон үггүй, яв цав, уран гоёор хэлэх, “ярих” үзэсгэлэнд үзэгч та саатан морилоорой.
Зураач М.Лхагвадорж Багшийн дээд сургуулийн уран зургийн анги төгссөн мэргэжилтэн юм билээ. Булган аймагт зураач, гэхдээ бүр ерөнхий зураачаар, 1972-1984 онд Улсын Филармонид ерөнхий зураачаар, 1984-1991 онд Улаанбаатар хотын Урчуудын салбарт хөрөг зургийн зураачаар ажиллаж байжээ. 1941 онд Өвөрхангай аймгийн Баруун Баян-Улаан төрсөн, багш, зураач түүний авьяас багад нь тодорсон юм билээ. Хүүхэд байхдаа сүргийн бэлчээрт өдрийг зурж, зугаатай өнгөрөөдөг байжээ. Зун бол элсэн дээр, өвөл бол цасан дээр шилбүүрээрээ хүссэнээ зурж, өөрөө өөртэйгөө ярьж, өөртөө багшилж, дүн тавьж байдаг байж. Буурал багш өдгөө “Тийм ээ, өвөө нь зурж л чаддаг хүн дээ. Өөр юманд тааруу. Тийм, бас нэг сайн үйлс бүтээсэн юм байна. Оюутан байхдаа доод курсийнхээ энэ охиныг элсүүлээд авсан. Одоо л мяраалаг харагдаад байгаа болохоос сайхан охин байсан юм шүү, миний хөгшин. Бид олон сайхан хүүхэдтэй болсон. Ач, зээ нар байна. Энэ бүхэн чинь бас миний бүтээл юм шүү дээ” гээд хөхөрч байлаа. Тийм дээ, уран бүтээлчийн, үртэй хүний жаргалын инээд ийм ажгуу.
Зураач М.Лхагвадорж сүүлийн 40 гаруй жил Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохиогдсон үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож ирсэн аж. ОХУ-ын Дорно дахины музей, Япон, Хонгконг, Нидерланд, Франц зэрэг улсад зохиогдсон үзэсгэлэнгүүдэд ч уран бүтээлээрээ оролцож байжээ.
Судалбар зургаар дагнан Монгол орноо, монголчуудынхаа аж байдлын талаар зурсаар, туурвисаар, таниулсаар байдаг манай улсын цөөхөн ахмад уран бүтээлчдийн нэг түүнээс “Та 2020 онд ч зурж л байж. Таны хараа хэр вэ, зурахдаа ядардаг уу” гэж асуугаад буруудах шахав. “Хүүхээ, миний хувьд зурах гэдэг бол амьсгалахтай адил юм шүү дээ” гэж мад тавьсан даа.
Уулзахын төдийд ухаан тэлж, санаа өгсөн уран бүтээлч, багш ес дэх бие даасан үзэсгэлэндээ монгол амьдрал гэгч чухам юу юм бэ гэдгийг харуулсан 60 бүтээл дэлгэсэн байна. Тухлан үзээрэй.
Р.Оюунжаргал

Exhibition Details
Title: MONGOL LIFE - by LKHAGVADORJ Mijid
Adress: Norphei Art Gallery
Dates: 18 - 28 March 2022
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Bluemon centre, J.Sambuu street, Baga Toiru, Sukhbaatar district-8 khoroo, Ulaanbaatar, Mongolia
For press information and images: [email protected]