BLUE HERITAGE - by ARIUNBOLD Ranjil
19 - 27 March 2014
Art Gallery of UMA
Монголын Урчуудын Эвлэлийн Нэрэмжит Шагналт, Соёлын Тэргүүний Ажилтан зураач Р.Ариунболдын “ХӨХ ЯЗГУУР” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн.
Монголын Урчуудын Эвлэлийн Нэрэмжит Шагналт, Соёлын Тэргүүний Ажилтан зураач Р.Ариунболдын “ХӨХ ЯЗГУУР” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 2014 оны 3-р сарын 19- 27-д зохион байгуулагдана.
Р.Ариунболд нь 2002 онд Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойн үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн шагнал, ДУДС-ийн “Орон Зай” нийгэмлэгийн “МӨНГӨН БҮС” шагнал, 2005 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол, 2012 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулж байсан Монголын сор уран бүтээлчдийн нэг мөн билээ. Мөн тэрээр 1991 оноос одоог хүртэл ДУДС-ийн багш, тэнхмийн эрхлэгчээр тасралтгүй ажиллан Монголын дүрслэх урлагийн залгамж халааг бэлдэх их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа тэргүүний багш aжээ. Үзэсгэлэнд зураачийн 1989 оноос хойших судалбар, эскиз, түүхэн сэдэвт уран зураг гээд нийт 60 гаруй бүтээл дэлгэгдсэнээс үзэсгэлэнгийн сор бүтээл болох “Наху гүний тулалдаан” бүтээлийн түүхэн сэдвийг та бүхэндээ танилцуулъя:
Эл бүтээл дээр дүрслэгдсэн түүхэн үйл явдал 1204 онд одоогийн Өвөрхангай аймгийн Орхон голын сав газар болж өнгөрчээ. Тухайн үед Хамаг монгол аймаг хүчирхэгжиж ихэнх монгол аймгуудыг дагуулах болсон нь Жамуха болоод Найманы Таян хааны атаархалыг төрүүлж тэднийг эзлэн дарах арга сүвэгчилж Тангуд улсын эзэн Алахуш Дигитхурид элч зарж баруун гар болон хавсарч Тэмүжинг дарж улс иргэдийг нь хураан авах саналыг тавьсан байна. Гэвч тангудын хаан энэ саналыг хүлээн авсангүйгээр үл барам Тэмүжинд элч илгээн тэдний хуйвалдааныг илчилжээ. Найман аймаг алтайн нуруугаар нутагладаг өргөн уудам газар нутагтай, дайчин баатруудаараа алдартай,агт морьд сайтай байсны дээр тэдэнтэй хамт Жадраны Жамуха гүр хаанд өргөмжилсөн ихэнх монголчуудыг дагуулан Таян ханыг түшин өөрөө хамаг монголыг авах эгзэгтэй агшинг хүлээж байлаа. Энэ түгшүүртэй цаг үед Тэмүжин цэрэг хүн хүчний хувьд цөөн,агт морьд туранхай байсан ч хатан зоригт хүлэг баатрууд болоод тулааны талбарт цэргийн хэргийг гарамгай засаж удирдсаны ачаар эртний сурвалжит Найман улсыг буулган авч Жамухыг даржээ. Дундад эртний монголын хагарал бутарлыг дарж тулгар төрийн алтан жолоонд нэгтгэн захирахын төлөө хийсэн Тэмүжиний тэмцэл амь дүйсэн тулааны талбарт өнгөрсөн бөгөөд нэг бус удаа үхлийн ирмэгт тулж байсан хамгийн хүнд ширүүн он жилүүдийг тэр туулж өнгөрүүлжээ. Найманыг дагуулж авсан нь монголын нэгдсэн улсыг байгуулах эцсийн тулаан байсан ба үүнээс хоёр жилийн дараа 1206 онд Онон мөрөний эхэнд их цагаан тугаа тахиж Эсгий туургатны нэгдсэн их улсыг байгуулсныг албан ёсоор тунхаглаж Тэмүжинг Чингис хаан хэмээн өргөмжлөх болжээ.
Та дэлгэрэнгүй мэдээлэлийг 11-327474 утсаар лавлана уу
МУЭ